Настны сэтгэцийн эрүүл мэнд

Дэлхийн хүн ам насжиж байгаатай холбогдон XXI зууны сэтгэцийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн нэг нь настны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүн амын хэдэн хувийг 65 аас дээш насныхан эзэлж байгаагаар нь ангилах болсон. Хэрэв хүн амын 20 хувиас илүү нь 65 насныхан эзэлж байвал хэт өндөр насжилттай, 15-20 хувийг эзэлж байвал өндөр насжилттай, 10-15 хувийг эзэлж байвал насжиж буй хүн ам гэж үздэг байна. Олон улсын статистикийн мэдээнээс үзэхэд 2020 он гэхэд 13 улс, 2030 он гэхэд 34 улс хэт өндөр насжилттай орны тоонд орох тухай мэдээлсээр байна. Монгол улсын хувьд хүн амын 3.8 хувийг 65 аас дээш насныханы эзэлж байна гэсэн тоо баримт байдаг.

Харих насыг дараах байдлаар ангилж үздэг.

  1. 50-64 насыг дундаж
  2. 65-74 насыг өтлөлтийн өмнөх (хижээл)
  3. 75-90 насыг өтлөлтийн нас
  4. 90-ээс дээш насыг урт наслалт гэж тооцож байна.

Харин сэтгэцийн эмгэг судлалын салбарт насжилттай холбоотой үүсдэг сэтгэцийн эмгэгээс шалтгаалан харих насыг 3 бүлэгт хуваан авч үздэг.

  1. Бэлгийн ажиллагаа зогсох үе буюу 45-60 нас
  2. Өтлөлтийн өмнөх үе буюу 60-70 нас
  3. Өтлөлтийн үе буюу 70-аас дээш насны 3 үечлэлд хуваадаг.

Сэтгэцийн эрүүл мэнд ба насжилт

  • Нас ахихын хэрээр хүн болгонд биологийн олон төрлийн өөрчлөлт гардаг. Бүтцийн хувьд авч үзэхэд тархины жин ойролцоогоор 17 хувиар буурч, тархины ховилууд өргөсч, ховдлууд нь томорч, атираа нь тэнийж, хатингаршина. Мөн тархины хориг, цус хоорондын зөөвөрлөлт ихэсч, тархины цусны урсгал удааширч, цусаар эргэлдэх хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Төв мэдрэлийн системд норэпинефрины хэмжээ буурч, моноамины хүчил, серотонины хэмжээ ихэссэнээр сэтгэц мэдрэлийн талаас дараах үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрдэг байна. Оюуны чадвар (IQ) нь 80 нас хүртэл харьцангуй тогтвортой байхын зэрэгцээ аливаа шинэ зүйлийг хүлээж авах чадвар багасч, сэтгэц хөдөлгөөний хурд буурах боловч суралцах чадвар хадгалагдсаар байдаг. Түүнчлэн энгийн зүйлийг ой санамжийн чадвар буурч, анхаарал шаардсан үйл ажиллагааг хийхэд хүндрэл учирч, богино хугацааны ойноос урт хугацааны ойд шилжих хугацаа нь уртасдаг байна.Насжилттай холбоотой үүсэх сэтгэцийн эмгэгүүдийг дараах 3 бүлэгт хуваан авч үздэг.
    1. Бэлгийн үйл ажиллагаа зогсох үеийн невроз
    2. Өтлөлтийн өмнөх үеийн солиорол
    3. Өтлөлтийн үеийн солирол(тэнэгрэл) хэмээн хуваан авч үздэг.

Бэлгийн үйл ажиллагаа зогсох үеийн невроз

Ид наснаас хижээл насанд шилжих шилжилтийн үед бэлгийн үйл ажиллагаа аажмаар харьж эмэгтэйчүүдийн “сарын тэмдэг” ирэх, эрэгтэйчүүдийн үрийн шингэн ялгарах үйл явц хямарч өөрчлөгдсөөр эцэс сүүлдээ аль аль нь бүрэн зогсоно. Бэлгийн үйл ажиллагаа харих буюу зогсох үйл явц ойролцоогоор 1-2 жил үргэлжилнэ. Бэлгийн үйл ажиллагаа хэдэн насанд зогсох нь бие хүний нийгэм, сэтгэл зүй болон биологийн хувийн онцлог шинж чанараас хамаарна. Бэлгийн үйл ажиллагаа зогсох нь зарим хүмүүст эрт (эмэгтэйчүүдэд 40, эрэгтэйчүүдэд 55-аас өмнөх насанд), ихэнх хүмүүст цаг хугацаандаа (45-60 насанд), гурав дахь хүмүүст хожуу (эмэгтэйчүүдэд 55, эрэгтэйчүүдэд 70-аас дээш насанд) илэрч болно.

Шинж тэмдэг – Бэлгийн үйл ажиллагаа харих явцад мэдрэл дотоод шүүрлийн булчирхайнууд болон судасны үйл ажиллагааны талаас мэдэгдэхүйц өөрчлөлтүүд илэрч болно. Энэ өөрчлөлтүүд бол физиологийн түр зуурын үзэгдэл юм. Энэ үзэгдэлд ихэнх хүмүүс ерийн байдлаар ханддаг байхад биологи болон сэтгэл зүйн дасан зохицох чадвар султай зарим хүмүүс сэтгэл эмзэглэсэн байдлаар хариу урвал өгч болно. Ингэж эмзэглэсэн хүмүүст биений юм улам хямрах, бэлгийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц сулрах, нүүр халуун оргих, зүрх орчим өвдөх, толгой эргэх, алга хөлрөх, ядрах, яльгүй зүйлд уцаарлах, гомдох, түгшүүрлэх цочрох зэрэг шинж тэмдэг бүхий бие сэтгэцийн өөрчлөлтүүд ажиглагдаж болно.

Өтлөлтийн өмнөх үеийн солиорол

Өтлөлтийн өмнөх солиорлын үед эмнэлзүйд зонхилон илэрдэг сэтгэц эмгэгийн шинжүүдийг харгалзан өтлөлтийн өмнөх солиорлыг дотор нь

1.Өтлөлтийн өмнөх сэтгэл гутрал – Нийт хүмүүсийн 15 хувьд нь илэрдэг хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эмнэлзүйд сэтгэл гутралын шинж давамгайлан илэрч,  сэтгэл түгшилт, айдас, сэтгэл гутралын дэмийрэл, өвчирхөх дэмийрэл, котарын хам шинж, амиа хорлох бодол санаанууд орно. Өвчтөнүүдийн зан сэтгэл гадны ямар нэг тодорхой шалтгаангүйгээр, өөрөө хар аяндаа түгшүүрлэх, айх, болгоомжлох байдлаар хувиран өөрчлөгдөж улмаар орчин тойронд ямар нэг гэнэтийн аюул гамшиг, зовлон сүйрэл болох гэж байгаа юм шиг тэдэнд санагдан байх газраа олж ядан босох суух, орох гарах, наашаа цаашаа холхих, ор дэрээ онгичин хувцсаа урах үсээ зулгаах, шүдээ зуух, гараа хазах цээжээ урах, “яана даа яана”, “аюул боллоо” мэтийн агуулгатай үгийг түгшүүртэйгээр давтан хэлэх зэргээр цаг үргэлжид хөдөлгөөнтэй, тайван биш, түгшүүртэй болдог.

Амиа хорлох эрсдэл – Амиа хорлох оролдлого хийсэн харих насны хүмүүсийн дийлэнх нь ганцаардаж, өөрийгөө хэнд ч хэрэгггүй хүн мэтээр бодож, надад хэн ч тусалж чадахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад амиа хорлож нас барсан хүмүүсийн 75 хувь нь сэтгэл гутрал болон архи хэтрүүлэн хэрэглэх эмгэгтэй байсан. Ийм учраас эмчид хандаж байгаа эмчлүүлэгч хэрэв архи хэтрүүлэн хэрэглэдэг, санхүүгийн бэрхшээлтэй, гэр бүлийнхэнтэйгээ харилцааны зөрчилтэй, ганц бие, салсан, гэр бүлийн хүн сүүлийн 1 жилийн дотор нас барсан, биеийн өвчин эмгэг болон архаг өвдөлттэй бол ДЭМБ – ын амиа хорлох үнэлгээний 3 асуулт бүхий дараах асуумжийг авч, амиа хорлох эрсдэл байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Хэрэв аль нэг асуултанд тийм гэж хариулвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч лүү илгээнэ.

  • Танд хэзээ нэгэн цагт амиа хорлох бодол төрж байсан уу?
  • Та хэзээ нэгэн цагт амиа хорлох төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх алхам хийж байсан уу?
  • Та хэзээ нэгэн цагт амиа хорлох оролдлого, үйлдэл хийж байсан уу?

2.Өтлөлтийн өмнөх дэмийрэл – Эмнэлзүйд гарз хохирлын ба хардах дэмийрэл зонхилон илэрдэг. Ийм байдалтай өвчтөн өдөр тутмын харьцаатай байдаг хүмүүсийг, тухайлбал айл хөрш, ажлын газрынхаа, төрөл садныхаа хийгээд гэр бүлийнхээ хүмүүсийг ямар ч ул үндэсгүйгээр өөрсдийнхөө үнэ цэнэтэй юмс, хувцас, эд хогшлыг хулгайлах, дээрэмдэх, гэмтээх, хоол ундааны зүйлд хор цацах хэлбэрээр эд материалын гарз хохирол учруулж байна хэмээн тооцохын сацуу тэднийг эхнэр буюу нөхөртэйгээ хардаж, түүндээ дээд зэргээр итгэн үнэмшсэн байдаг. Тэд энэхүү итгэл үнэмшилдээ автан хаалга үүд хийгээд авдар савныхаа түгжээ, цоожийг байн байн шалгах, үнэ цэнэтэй эд юмсаа нуух, шөнө нь унталгүй хүмүүсийн хөлийн чимээ гарахыг хүлээн чих тавих зэргээр үргэлж хардсан, болгоомжилсон, түгшүүрлэсэн төрх байдлаар цагийг өнгөрөөдөг.

3.Өтлөлтийн өмнөх кататони – Эмнэлзүйд өвчтөнүүдэд дуугүйрхэх, хөдөлгөөн хязаарлагдах, булчин хөших, орчны хүмүүсээс шаардсан үйлдлийг эсрэг утгаар нь гүйцэтгэх болон хоол унднаас эрс татгалзах шинжүүд илэрнэ. Мөрдөгдөх дэмийрэл, сэтгэлийн түгшүүрэл, айдас зэрэг шинжүүд хослон илэрдэг.

Өтлөлтийн үеийн солиорол (тэнэгрэл)

Өтлөлтийн насны үед илрэх солиорол нь ухаан тэнэгрэлийн байдлаар илэрдэг. Өтлөлтийн тэнэгрэл гэдэг нь тархины гадарын эсүүдийн ба их тархины бор гадар доор орших бор бөөмүүд болон судалт биеүдийн тэжээлийн дутмагшил, анхдагч хатингаршилтыг хэлнэ.

Өтлөлтийн тэнэгрэлийн дотор нь

  1. Өтлөлтийн энгийн ухаан сулралт
  2. Пикийн өвчин
  3. Альцгеймерийн өвчин
  4. Верникийн зөнөг
  5. Гентингтоны хорея
  6. Паркинсоны өвчин хэмээн ялган авч үздэг

Америкийн нэгдсэн улсад хийсэн судалгаагаар 65 аас дээш насны хүн амын 5 хувь нь хүнд зэргийн, 15 хувь нь хөнгөн, 80 аас дээш насны хүн амын 20 хувь нь хүнд зэргийн тэнэгрэлтэй байжээ. Тэнэгрэл нь нас, хүйс болон удамшлын хүчин зүйлтэй ихээхэн холбоотой байдаг.

Шинж тэмдэг

  • Ой тогтоолт буурна.
  • Сэтгэн бодох чадвар буурна.
  • Сэтгэхүйн үйлдлийн чадварууд буурна.
  • Сэтгэлийн хөдөлгөөн хэт мэдрэмтгий, амирлангуй, цочромтгой, тогтворгүй болох
  • Ажлын үйлдлийн чадварууд буурна
  • Үйлдэл хийж чадахгүй болох
  • Хэл яриагүйдэх
  • Бичиж чадахгүй болох
  • Уншиж чадахгүй болох
  • Тоо бодох чадвар алдагдах
  • Танин мэдэхгүйдэх
  • Шүүмжлэлтэй хандах чадвар буурах
  • Анхаарал төвлөрүүлэх чадвар буурах
  • Хүсэл эрмэлзлэл, идэвх санаачлага, сонирхол, биеэ барих тэвчээр суларч, сонирхлын хүрээ нарийссаар тэдний анхаарал нь зөвхөн өөрсдийн хувийн амьдралд нь чиглэгддэг.
  • Хэлний ярианы өөрчлөлт тод илэрнэ. Үг яриа удааширч, нуршаа болох, сул үг их хэрэглэх, тультраатна.
  • Баримжаа алдагдах (цаг хугацааны болон орчны баримжаа алдагдаж хэдэн цаг болж байгаа, хаана байгаагаа, он, сараа мэдэхгүй будилж төөрнө)
  • Нойрны өөрчлөлт – нойр хулжих,өнгөц хөнгөн нойрсох, нойрсох хугацаа богиносох
  • Зарим тохиолдолд сэтгэл гутрал, солиорол, уналт таталтын шинжүүд богино хугацаанд илэрч болно.

Бусад эмгэгүүд

Дээрх 3 бүлэг эмгэгээс гадна дараах сэтгэцийн эмгэг харих насанд тохиолдож болно.

Архи хэтрүүлэн хэрэглэх эмгэг – харих насны архи хэтрүүлэн хэрэглэх эмгэг ихэвчлэн залуу насандаа архины хамааралтай байсан гэсэн өгүүлэмжтэй хүмүүст ихэвчлэн илрэх ба биеийн ямар нэгэн эмгэг, гэр бүл салсан, бэлэвсэн мөн хэзээ ч гэрлэж байгаагүй эрэгтэйчүүдийн дунд тохиолдох нь илүү ажиглагддаг. Архи хэтрүүлэн хэрэглэх эмгэг нь цаашдаа ухаан дэмийрэн балартах эмгэг, солиорох эмгэг, архинаас шалтгаалсан тэнэгрэл буюу Верникийн энцефалопатия (Корсаковын хам шинж) үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Хэрэв дээрх эмгэгүүд илэрвэл Донтох эмгэгийн эмчид хандах шаардлагатай.

Нойрны эмгэг – Нас ахих нь нойрны эмгэгээр өвчлөх нэг томоохон хүчин зүйлийн нэг юм. Харих насны үед амьдралын хэв маягаас хамааралгүйгээр өдрийн унтах сэрэх хэмнэл мөн алдагдсанаар эрт унтаж, шөнө сэрэх байдал ажиглагддаг. Ихэнх хүмүүс архи, тайвшруулах, төв мэдрэлийн системийг дарангуйлах эмийг нойргүйдсэн үедээ сайн унтах зорилгоор хэрэглэдэг байна. Гэвч судалгааны үр дүнгээс харахад эдгээрийг хэрэглэсэн хүмүүст унтахад хэцүү болж өглөө эрт сэрэх байдал олонтоо ажиглагдаж байжээ. Мөн архи хэрэглэсэн үед нойрон дунд амьсгал тасалдах байдал үүсдэг байна. Иймээс харих насны нойрны эмгэгтэй эмчлүүлэгч нарт үнэн зөв мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтой.