Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий даяар нийт 350 сая гаруй хүн сэтгэл гутралын улмаас шаналж байна. Сэтгэл гутрал нь хар аяндаа уйтгар гуниг төрөх, гутранги бодолд автах, аливаа зүйлд сөрөг хандлагатай байх, өөрийгөө ямар нэгэн зүйлд буруутай мэтээр мэдрэх, сэтгэл санаа тогтворгүйдэх, өмнө нь тааламжтай санагдаж байсан зүйлүүдээ таашаахгүй болох, биеийн эрч хүч буурах, идэх, унтах хэмнэл өөрчлөгдөх, мөн анхаарал төвлөрөх, шийдвэр гаргахад хэцүү болох зэрэг олон шинж тэмдгүүдээр илэрдэг. Хүйсийн хувьд авч үзвэл сэтгэл гутрал нь эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байгаа нь тэдний биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлстэй холбоотой байдаг. Лансет сэтгүүлд мэдээлснээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутрал байгааг тогтоожээ. Төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэйчүүдийн 54 хувь нь жирэмсэн байх үедээ сэтгэл гутарч байсан тухайгаа мэдээлсэн байдаг. Иймээс жирэмсэн үеийн сэтгэл гутралыг эрт илрүүлж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нь төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэхийн зэрэгцээ эх, хүүхдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.

Төрсний дараах сэтгэл гутрал нь нярай хүүхдийн биеийн эрүүл мэнд, мэдрэл танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон. Сэтгэл гутралтай эхчүүдийн хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сэтгэл гутралгүй эхчүүдийн хүүхэдтэй харьцуулан судлахад биеийн эрүүл мэндийн талаас өсөлтийн хоцрогдол илрэх, жин бага байх, эрт хөхнөөс гаргах, гүйлгэх, аливаа халдварт өвчинд өртөмхий болох, хүүхдийн хөгжлийн үнэлгээний оноо бага байх зэрэг шинжүүд илэрсэн бол сэтгэцийн талаас эх хүүхдийн хооронд хамгаалалтгүй ээнэгшил үүсэх, сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, хөдөлгөөн, баримжаалах чадварууд хангалтгүй байх, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, нойрны өөрчлөлт зэрэг олон асуудал хүүхдэд илрэх боломжтой гэж үзжээ.

Түлхүүр шинж тэмдгүүд

  • Унтаж чадахгүй байх эсвэл хүүхэд нь сэрүүн байхад ч их унтах
  • Сэтгэл санаа тогтворгүй байх
  • Хоолны дуршил өөрчлөгдөх
  • Хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовох, гэмтэх вий гэхээс айх
  • Уйтгар гунигт автах, уйламтгай болох
  • Эргэлзэх, буруутай юм шиг санагдах, сул дорой болсон мэт санагдах
  • Анхаарал төвлөрүүлэх, энгийн зүйлсийг санахад бэрхшээлтэй болох
  • Дуртай байсан зүйлс, өдөр тутмын үйл ажиллагаанд сонирхол буурах
  • Давтагдсан үхэх тухай бодлууд, амиа хорлох тухай төлөвлөгөө

Төрсний дараах сэтгэл гутралын шалтгаан, эмгэг жам, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

Биологийн шалтгаан – Төрсний дараах сэтгэл гутрал үүсдэг эмгэг жам одоог хүртэл тодорхой бус байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар төрсний дараах сэтгэл гутрал нь амин дэмийн дутагдлаас шалтгаалан үүсдэг бол зарим нь жирэмслэлт, төрөлтийн үеийн дааврын өөрчлөлттэй холбоотой гэж тайлбарладаг. Төрснөөс хойш 48 цагийн хугацаанд эстроген, прогестрон, кортизол дааврууд огцом буурдаг. Төрөлтийн 1, 2 дугаар үед прогестрон дааврын түвшин буурдаг бол, ихэс умайгаас ховхрох үед эстроген дааврын хэмжээ огцом буурдаг. Эстроген дааврын бууралт моноаминэргийн систем ялангуяа серотонин, допамины хэмжээнд нөлөөлснөөр сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг гэж үздэг.

Сэтгэлзүйн шалтгаан – Эмэгтэй хүнд жирэмслэлт, эх болох шилжилтийн байдал, төрөлт зэрэг олон сэтгэлзүйн стресс үүсгэгч хүчин зүйлс тулгардаг. Эхчүүд гадаад төрх, бие галбиртаа гарч буй өөрчлөлт, нөхөр, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаа өөрчлөгдөх, эх болох хариуцлага гэх мэт олон зүйлст дасан зохицох шаардлагатай болдог.

Судлаачид төрсний дараах сэтгэл гутралд хүргэж болох биологи, нийгэм, сэтгэлзүйн эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосон байна.

  • Эхийн нас 20 иос доош байх
  • Мансууруулах сэтгэц нөлөөт эм бодисын хэрэглээ
  • нийгмийн доод давхарга
  • жирэмслэлтийн үеийн амьдралын сөрөг стресс
  • жирэмслэлт болон төрөлтийн хүндрэлүүд
  • нөхөр, гэр бүлийнхэнтэйгээ харилцааны асуудалтай байх
  • гэр бүл, найз нөхдийн зүгээс тусламж дэмжлэг багатай байх
  • өмнө нь сэтгэцийн эмгэгээр (сэтгэл гутрал, сэтгэл түгшилт) өвчилж байсан эсэх
  • төрсний дараа хүүхэд асрахтай холбоотой сөрөг стресс
  • эрхэлсэн ажилгүй байх
  • төлөвлөөгүй жирэмслэлт
  • Өөрийн эхтэйгээ харилцаа муутай байх
  • Өмнөх жирэмслэлт зулбаж байсан эсэх
  • Өмнө нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх
  • Хөхөөр хооллохгүй байх
  • Жирэмсэн үедээ сэтгэл гутралаар өвдөж байсан эсэх
  • Ганц бие эх байх
  • Нөхрийн зүгээс сэтгэл санаа, эдийн засгийн дэмжлэг дутмаг байх
  • Төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрүүлэх
  • Эхийн зан төрхийн хүчин зүйл

Сүүлийн жилүүдэд төрсний дараах сэтгэл гутралыг үүсгэхэд окситоцин, үрэвслийн маркер хэрхэн нөлөөлж болохыг эрдэмтэд судалсаар байна.

Төрсний дараах сэтгэл гутралын илрүүлэлт, оношилгоо

АНУ-ын хүүхдийн эмч нарын холбоо нь 2010 оноос эхлэн шинээр төрсөн эхчүүдийг амаржснаас хойш 6 сарын дотор гэрийн эргэлтээр очих үедээ төрсний дараах сэтгэл гутрал байгаа эсэхийг үнэлэх, илрүүлэх шаардлагатай гэж зөвлөмж гарган ажиллаж байна. Мөн түүнчлэн Америкийн эх барих, эмэгтэйчүүдийн их сургууль, Америкийн хүүхдийн академи нь төрсний дараах сэтгэл гутралыг оношилохдоо Эдинбургийн сорилыг хэрэглэхийг зөвлөж байна. Харин Америкийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ судалгааны алба, Английн эрүүл мэнд, тусламжийн үндэсний хүрээлэн нь бүх жирэмсэн эмэгтэйчүүдээс доорхи 2 асуултыг асуухыг зөвлөдөг.

  1. Сүүлийн 1 сарын ихэнх хугацаанд танд сэтгэлээр унах, гутрах, итгэл найдвараа алдсан мэт санагдаж байсан уу?
  2. Сүүлийн 1 сарын ихэнх хугацаанд аливаа зүйлд сонирхол буурах болсон уу?

Хэрэв аль нэг асуултанд “тийм” гэж хариулвал Эдинбургийн сорилоор оношлохыг зөвлөдөг байна. Та манай веб хуудсын “СЭТГЭЛЗҮЙН СОРИЛ” хэсэгт очин өөрийгөө үнэлээрэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Өвчний Олон Улсын Ангилал 10 удирдамжийн Сэтгэц, төрх үйл, үйлийн эмгэгийн 5 дугаар бүлэгт 2018 оны 10 дугаар сарын 1–ний өдрөөс эхлэн Төрсний дараах сэтгэл гутралыг F53.0 хэмээн кодолж оруулсан.

Оношилгооны шалгуур

  • Сэтгэл гутралын шинж тэмдэг төрсний дараа илэрнэ.
  • Ихэнхдээ төрснөөс хойш 4 дэх долоо хоногоос сэтгэл гутралын байдал ажиглагдана.
  • Сэтгэл гутралын зэрэг хөнгөн зэргээс гүнзгий рүү явагдаж, солиорлын шинж тэмдэг илэрч болно.
  • Шинж тэмдэг тайван бус тогтворгүй, сэтгэл түгшилт, ядарч сульдах, өөрийгөө үнэ цэнгүй мэт мэдрэх, зарим тохиолдолд өөрийгөө болон хүүхдээ гэмтээх бодол төрнө.
  • Маш ховор тохиолдолд хоол идэхээс татгалзаж, унтаж чадахгүй болох, солиорлын шинж тэмдэг илэрч болно.
  • Америкийн сэтгэцийн эмгэгийн нийгэмлэгээс 2013 онд шинэчилсэн DSM-5 оношилгооны удирдамжийн Сэтгэл гутрах эмгэгүүдийн бүлэгт Төрсний дараах сэтгэл гутралыг багтаасан.Оношилгооны шалгуур:

    Дараах 2 шинжээс заавал 1 нь илрэх

    • Сэтгэлээр унах, гутрах
    • Өдөр тутмын бараг бүх үйл ажиллагааны идэвх сонирхол буурах

    Доорх шинжүүдээс 2 долоо хоногийн хугацаанд хамгийн багадаа 5 шинж тэмдэг нь бараг өдөр бүхэн илрэх

    • Ямар нэгэн дэглэм бариагүй байхад жин илт буурах, жин илт нэмэгдэх, хоолны дуршил ихсэх эсвэл буурах
    • Нойргүйдэх эсвэл хэт их унтах
    • Сэтгэл хөдөлгөөний дошгирол эсвэл сэтгэц хөдөлгөөний саатал илрэх
    • Ядарч сульдах эсвэл эрч хүчгүй болох
    • Өөрийгөө ямар ч үнэ цэнгүй мэт мэдрэх, шалтгаангүйгээр өөрийгөө ихээр буруутгах
    • Анхаарлаа төвлүүлэх, сэтгэн бодох чадвар буурах, шийдвэр гаргаж чадахгүй болох
    • Давтагдсан үхэх тухай бодлууд, амиа хорлох бодол, төлөвлөгөө

    Дээрх зовиураас шалтгаалан тухай эхийн нийгэм, ажил, бусад чухал үйл ажиллагаанд мэдэгдэхүйц бэрхшээл үүсэх

    Дээрх шинж тэмдгүүд нь тухайн эхийн биеийн эрүүл мэндийн байдал, мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис, бусад сэтгэцийн эмгэгтэй хамааралгүй байх зэрэг шалгуурт үндэслэн оношийг тогтоохыг зөвлөмж болгодог.

Төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэлт

АНУ нь урьдчилан сэргийлэх, үйлчилгээний бодлогын хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэхийг зөвлөмж болгож, төрсний дараах сэтгэл гутралтай эмэгтэйчүүдэд нэмэлт эмчилгээ, дэмжлэг туслалцаа (эмчилгээний хөтөлбөр, асаргаа сувилгааны менежмент, мэргэжилтнүүдийг сэтгэл гутралын чиглэлээр сургах) шаардлагатай байгааг мэдээлжээ. Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нь жирэмсний бүхий л хугацаанд эхийн сэтгэл санааны байдлыг анзаарч, сэтгэл гутралыг илрүүлэх асуумжаар үнэлж, хэрэв сэтгэл гутрал илэрвэл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авахад дэмжлэг үзүүлж мэдээллээр хангах нь зүйтэй. Үүний зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүдэд төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэг, үр дагаврын тухай мэдээллээр хангах шаардлагатай.

Хэрэв жирэмсэн үеийн сэтгэл гутралыг илрүүлж эмчлэхгүй бол төрсний дараах сэтгэл гутралаар өвчлөх эрсдэл 7 дахин илүү байна гэж үздэг. Иймээс төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэх нэн чухал асуудал бол жирэмсэн үеийн сэтгэл гутралыг эмчлэх явдал юм. Жирэмсэн байх хугацаандаа сэтгэлзүйн дэмжлэг тусламж (гэрийн эргэлт, гар утсанд суурилсан сэтгэлзүйн зөвлөгөө, ганцаарчилсан сэтгэл засал) авч байсан эхчүүд нь стандарт тусламжинд (гарын авлага, жирэмсний үеийн хичээлүүд, төрсний дараах анхан шатны тусламж, үйлчилгээ) хамрагдаж байсан эхчүүдийг бодвол төрсний дараах сэтгэл гутралд бага өртөж байгаа нь тогтоогдсон байна. Мөн судлаачдын үзэж буйгаар нийгэм сэтгэлзүйн дэмжлэгт суурилсан урьдчилан сэргийлэлт нь төрсний дараах үед илүү үр дүнтэй гэж үзэж байна. Эрүүл хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн, хангалттай нойртой байх нь төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлнэ гэж зөвлөдөг ч энэ талаар хийгдсэн судалгааны ажлууд хомс байсаар байна.

Төрсний дараах сэтгэл гутралын эмчилгээ

Сэтгэлзүйн эмчилгээ – Сэтгэл гутралтай эхэд сэтгэлзүйн эмчилгээг сонгоход тухай эхийн сэтгэл гутралын шинж тэмдэг, хүнд хөнгөний зэрэг, эхийн өөртөө болон хүүхдэдээ анхаарал халамж тавих байдал зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Сэтгэл гутралын хөнгөн, дунд зэргийн үед эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, мэргэжилтнүүд эхэд сэтгэлзүйн тусламж үзүүлж болох ч эх өөрийгөө болон бусдыг гэмтээх бодол санаатай байх, сэтгэл хөөрөл, солиорлын шинж илэрч байвал сэтгэцийн эмч яаралтай лүү илгээх нь зүйтэй. Төрсний дараах сэтгэл гутралтай эх ялгаварлан гадуурхалт, ичих зовох мэдрэмж, санхүүгийн бэрхшээл, тээвэрлэлт, хүүхэд асрах зэрэг асуудлаас шалтгаалан тусламж үйчилгээ тэр бүр авч чадахгүй байх нь олонтоо тохиолддог.

Хөнгөн зэргийн сэтгэл гутралтай эхчүүдэд эрүүл мэндийн анхан шатны байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гэрийн эргэлт, дэмжих бүлгээр дамжуулан тусламж үзүүлэх бүрэн боломжтой. Дунд зэргийн сэтгэл гутралтай үед танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ, ганцаарчилсан сэтгэл засал эмчилгээ илүү үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон. Танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ нь тухайн эхийн алдаатай бодол, төрх үйлийг өөрчлөхөд төвлөрөхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлийн байдалд эерэг өөрчлөлт үзүүлдэг. Ганцаарчилсан сэтгэл засал эмчилгээ нь эцэг эх болох шилжилтийн үед эхнэр нөхөр, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулахад чиглэдэг байна.

Стандарт тусламж үйлчилгээний үр дүнг сэтгэлзүйн тусламж үйлчилгээтэй харьцуулсан туршилт судалгааны үед танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ 60.3%, ганцаарчилсан сэтгэл засал эмчилгээ нь 48.3% -ийн эдгэрэлтэй байжээ. Сүүлийн жилүүдэд интернетэд суурилсан цахим сэтгэлзүйн тусламж үйлчилгээ нь биечлэн үзүүлэх тусламж үйлчилгээтэй адил үр дүнтэй байгааг мэдээлж байна.

Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ – Сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээг сэтгэлзүйн эмчилгээ үр дүнгүй байх, гүнзгий хэлбэрийн сэтгэл гутралын үед дунджаар 6 сараас 1 жилийн хугацаанд ууж хэрэглэх ба эмийн тунг бага багаар хасах маягаар эмчилгээг зогсооно. Хэрэв эхэд дахилтат сэтгэл гутрал илэрч байвал үүнээс удаан хугацаанд уух шаардлагатай. Эхчүүдэд сэтгэл түгшилт, нойргүйдэл хавсарч илэрвэл Бензодиазепиний бүлгийн эмийг, дэмийрэл, солиорлын шинж илэрвэл солиорлын эсрэг эмийг хэрэглэх шаардлагатай. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ үр дүнгүй, сэтгэл гутралын байдал улам гүнзгийрч, байнгын амиа хорлох бодол, солиорлын шинж тэмдгүүд эхэд ажиглагдвал яаралтай сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд цахилгаан таталдуулах эмчилгээ хийж болно гэж зөвлөдөг.

Сэтгэл гутралын эсрэг эмүүд:

  1. Серотониний эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагчид – Энэ бүлгийн эмийн нийт тунгийн 10% -иас ихгүй нь хөхний сүүгээр дамждаг тул гүйцэд тээлттэй, эрүүл, хүүхдээ хөхөөр хооллодог эхчүүдэд аюулгүй гэж үздэг. Сертралин нь хөхний сүүгээр хамгийн бага дамжих учир сэтгэл гутралын эхлэл үед сонгоход хамгийн тохиромжтой нэгдүгээр эгнээний эм гэж тогтоосон.
  2. Серотонин, норэпинефрины эргэн шимэгдэлийг саатуулагчид – Хэрэв серотониний эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагчид үйлчлэхгүй байгаа тохиолдол энэ бүлгийн эм болох Mertazapine–ийг хэрэглэхийг мэргэжилтнийг зөвлөж байна.
  3. Моноаминоксидазагийн саатуулагчид – Цөөн тохиолдолд хэрэглэдэг сэтгэл гутралын эсрэг эм бөгөөд хөхний сүүгээр дамжих тухай мэдээлэл хангалттай бус учраас хүүхдээ угжаар хооллодог эхчүүдэд хэрэглэвэл тохиромжтой.
  4. Гурван цагаригт антидепрессантууд – Энэ бүлгийн эм нь эхийн хөхний сүүгээр дамжин хүүхдийн зүрх судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлж, амьсгал дарангуйлах, хүүхэд хөхөө хөхөхдөө муудах, булчин сулрах, бөөлжих зэрэг гаж нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон тул угжаар хүүхдээ хооллодог эхчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг.